Газар нутгийн онцлог

0
196
Улз голын Улаан эрэг

УЛААН ЭРЭГ /УЛЗ ГОЛ/

Сумын төвөөс баруун тийш 25 км, Сэвсүүл Жараахай багийн нутаг  Хадат уулын ар талд байдаг. Улзын гол нь Хэнтий нурууны зүүн салбар уулсын нам уулсаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Тарь нуурт цутгана. Улз голын нийт урт 428 км ба Монголын нутагт 420 км нь урсдаг. Дашбалбар сумын нутгаар 100 гаруй км урсаж өнгөрдөг бөгөөд сумын төвөөс баруун тийш 25 км Сэвсүүл – Жараахай багийн нутагт Хүрэлийн үеийн  түүх соёлын үл хөдлөх дурсгал  оршин буй Хадат уулын ар талд   байгалийн өвөрмөц тогтоцтой,  26 метр өндөр, Улзын голын элсэн эрэг бий. Үүнийг нутгийн ард түмэн эрт дээр үеэс “Улаан эрэг” гэж нэрлэж заншсан билээ.


ДАШБАЛБАР УУЛЫН ОВОО

Сумын төвөөс баруун хойшоо 22 км, Сэвсүүл – Жараахай багийн нутагт байдаг.
Дашбалбар уулын овоо сумын төвөөс баруун хойш 22 км, Сэвсүүл-Жараахай багийн нутагт Улзын голын өмнө байдаг. Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошууны Монгол харуулын нутаг, Зүр хүзүү уулыг 1918 оноос хойш Орос улсаас нүүн ирж нутагласан буриад зон Дашбалбар хэмээн нэрийдэж хойт нутгийнхаа овоог орлуулан шүншиглэж Торооны Дорж, Юмсэны Лэгдэн тэргүүтэй эрдэм номтой хүмүүс 1925 онд тахиж эхэлсэнээр Дашбалбар уулын овоо болсон түүхтэй. Улмаар 1940 он хүртэл тахиж байснаа орхиж, 1990 оноос сэргээн тахиж эхэлсэн. Одоо Дашбалбар уулын овоог жил бүрийн зуны дунд сарын 13-нд тахидаг уламжлалтай болсон.


ЗАГИЙН ОВОО

Сумаас баруун хойшоо Харзат багийн нутаг Шар хонхорын зүүн биед жижиг уулын оройд байдаг.
Одоогийн Дашбалбар сумын уугуул нутаг нь дээр үед Халх монголын харуул хошууны зааг газар байжээ.Сумын хойт талаар Монголын Тогтор,Түрхнэг, Дорлиг ,Гуулинтын харуулууд байсан бөгөөд зүүн өмнөд талаар нь Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хошуу оршиж байсан.Тэр үеийн харуул хошууны газрыг зааглаж байсан “Заагийн овоо”- нууд одоо Өвгөд өндөр, Ар цагаан , Хагдат, Заагийн хөндий зэрэг газраар байсаны нэг нь Заагийн овоо юм. Заагийн овооны газрын хөрс нь чулуурхаг. Овоо нь хойт талруугаа нурсан.Байгалийн хавтгай чулуугаар өрж босгосон дөрвөлжин хэлбэртэй. Дээр үед энэ нутгаар орос, хятад худалдаачид урагш хойшоо дамжин өнгөрдөг байсан.


БӨӨРИЙН РАШААН

Сумын төвөөс баруун хойшоо 30 км Харзат багийн нутагт байдаг. Бөөрийн рашаан нь далайн түвшнээс дээш 810 метр өндөрт Бөөрийн горхины зүүн салааны бэлчирээс дээш 1 км орчимд баруун салааны хөвөөнд оршино.Бөөрийн рашаан нь цайвар хөх өнгөтэй нарийн ширхэгт шаварлаг занар зэрэг тунамал чулууны судлаас дөрөвдөгчийн зузаан хурдсыг нэвтлэн гардаг ажээ.Энд 1-2м өргөн,8-10 м урт газраас олон булаг ундарч ,тус бүрийн орчмоос маш их хий байн байн буцлах мэт оргилон гардаг нүүрс хүчлийн хий ихтэй маш исгэлэн рашаан юм.

Рашааны химийн найрлага:
Натри 81.2 мг\л
Кали 4.40 мг\л
Кальц 197.0 мг\л
Магни 104.2 мг\л
Хөнгөн цагаан 1.85 мг\л
Хлорид 3.10 мг\л
Гидрокарбонад 1000.9 мг\л
Рh 5.8 мг\л
Хүний биеийн 5 цул эрхтэнг анагаах тустай.


ДУНД ЭМТИЙН РАШААН

Сумын төвөөс хойшоо 80 км, Харзат багийн нутагт Тогторын заставын зүүн талд байдаг. Дунд Эмтийн рашаан нь далайн түвшннэс дээш 850 метрийн өндөр газарт оршино. Энэ рашаан нь хүний биеийн элэг цөс, голын хий, савын хий, дотор эрхтэнг анагаах тустай.
Рашааны найрлага:
Натри 102.0мг\л
Кальц 185 мг\л
Магни 158.1мг\л
Төмөр 3.4 мг\л
Хлорид 21.3 мг\л
Сульфат 88.5 мг\л
Гидрокорбонат 1519.4 мг\л
Нүүрсхүчлийн хий 1672.0 мг\л
Рh 5.8 мг\л


ЦАГААН ХӨНДИЙН РАШААН

Сумын төвөөс зүүн хойшоо 16 км, Номинт багийн нутагт байдаг. Цагаан хөндийн рашаан нь далайн түвшнээс дээш 650 метр өндөрт орших хуучин төрмөлийн эриний хар өнгөтэй хувирмал занар ,хадан цагаан, хас зэрэг чулуулгаас бүрдсэн маш нарийн ширхэг бүхий цагаан цайвар элсэн хөрснөөс ундрах олон тооны булгаас тогтоно. Гидрокорбонат кальц-натрийн найрлагатай, бага зэрэг цацран идэвхт чанартай , нүүрс хүчлийн хий ихтэй ,их исгэлэн, үнэр өнгөгүй, тунгалаг рашаан. Ходоод гэдэсний өвчинд уудаг. Цагаан хөндийн рашааны найрлага:
Кали 2.7 мг\л
Натри 98.0мг\л
Кальци 227.5 мг\л
Магни 47.5 мг\л
Хөнгөн цагаан 1.4 мг\л
Хлорид 6.3 мг\л
Сульфат 221 мг\л
Гидрокарбонат 726.6мг\л
Цагаан хөндийн рашаан түшиглүүлэн 1965 оноос Улз нэгдлийн зөвлөл, нэгдэлчдийн амралт сувилалын газар байгуулжээ. Энэ нь улам өргөжсөөр 1971 оноос аймгийн нэгдэлчдийн “ Нэгдэл дундын амралт “ болон өргөжиж , 1 ээлжиндээ 200 гаруй хүнийг амрааж байсан. Тус амралт нь цахилгаан гэрэлтэй, амрагчдын өвөл зуны байр, улаан булан, талхны газар, хоолны газар, эмнэлэг тус тус ажилладаг, их эмчтэй эмнэлэгийн тусламж үзүүлж байсан 1990 оны зун татан буугдсан.


ЧУХ НУУР

Сумын төвөөс зүүн урагшаа 18 км, Чух багийн нутагт байдаг. Чух нуур нь Монгол дагуурын дархан цаазат газрын “А” хэсгийн баруун урд зах, “Б” хэсгийн баруун захын орчны бүс нутаг юм .Чух нуурын сав газарт  харгана, дэрс ихтэй бөгөөд манай оронд төдийгүй дэлхий дахинаа ховордож олон улсын болон монголын улаан номд орсон цагаан, хар цэн тогоруу, халзан ангир,хошуу галуу, реликт цахлай, тоодог, зэрэг олон зүйл төрлийн жигүүртэн шувууд амьдардаг.  Хөхтөн амьтнаас Монгол орны зөвхөн зүүн хэсэгт тохиолдох дагуур зараа элбэг бөгөөд дагуур огдой, сохор номин, үен,  цагаан зээр, үнэг ,чоно зэрэг амьтад түгээмэл амьдардаг.Орос Хятад ,Япон ,Америк зэрэг улсын шувуу судлаачид ирж судалгаа хийж байсан.


ОНС МУЗЕЙ

Улз багийн нутагт оршдог Дашбалбар сумын орон нутгийг судлах музей нь 1965 онд сум байгуулагдсаны 40 жилийн ойгоор, нутгийн ард түмний хандиваар байгуулагдаж 140 гаруй үзмэртэй нээлтээ хийсэн..Эдүгээ 800 гаруй үзмэртэй үйл ажиллагаа явуулж байна.
Орон нутаг судлах музей нь Төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн танхим, Ардчилсан хөдөлгөөний манлайлагч С.Зоригийн танхим ,Угсаатан зүйн 2 танхим, Байгалийн 2 танхим, Сумаас төрөн гарсан алдартаны танхим ,Сумын түүхиийн танхим гэсэн бие даасан 8 танхимтай .
– Угсаатан зүйн танхим:
Буриадын ард түмний түүх соёл зан заншил ахуй амьдрал, дээл хувцас,гоёл чимэглэл, эд хэрэглэлүүдийг дэлгэсэн үзмэрүүдтэй. 2 танхимтай
Төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн танхим:
Г.Одонгийн эдэлж хэрэглэж байсан дээл хувцас ,уран бүтээлээ тууривахдаа хэрэглэж ирсэн зургийн хэрэгсэл,фото зургууд ,түүний анхны бүтээлүүдийн нэг “Хонь хяргаан” Шунхлайн домог” зэрэг нийт 100 гаруй бүтээлийн цуглуулгатай.
Байгалийн танхим:
Төрөлх нутгийнхаа унаган байгаль, ховор болон ховордож байгаа амьтан ургамал, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээж, одоогоос 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үлдэгдэл залтас , тариа цайруулах самбар, нүдүүр, манжийн засаглалын үеийн үзмэрүүдтэй 2 танхимтай.
С.Зоригийн танхим:
Тус танхимд С.Зориг болон түүний гэр бүлийн түүхэн намтар фото зураг ,С.Зоригийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл , түүний хэлсэн үг. илтгэлүүд бий.
Сумын түүхийн танхим:
Дашбалбар сумын үүсэн байгуулагдсан түүх , газар нутгийн макет,сумын удирдлагуудын хөрөг зураг,засаг захиргааны түүхчилсэн схем, буриадын хори 11 омгийн туг,сумын шагнал дурсгалын зүйлийн цуглуулгатай.
Сумаас төрөн гарсан алдартны танхим:
Дашбалбараас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн,ахмад дайчид , эрдэмтэн судлаачид , соёл урлаг,спорт,болвсрол , эрүүл мэнд , бусад салбарын болон хөдөлмөрийн алдартнуудын намтар түүх ,фото зураг, тэдний бүтээн тууривсан ном товхимол,бэлэг дурсгалын зүйлүүд байдаг.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ:

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу